Анхны компьютер Антикитера Механизм (Тайлагдаагүй оньсогуудаас #2)
>> Wednesday, July 7, 2010
Грекийн Антикитера нэрт арлаас 1901 онд шумбагчид нэгэн сонирхолтой олдвор олжээ. Энэ нь арлын эрэг дээрх сүйрсэн далайн хөлгийн үлдэгдлүүдээс олдсон механизм бүхий төхөөрөмж юм. Үүнийг Антикитера механизм (Antikythera Mechanism) гэж нэрлэдэг. Энэхүү төхөөрөмжийг судлахаар шинжлэх ухааны Антикитера төхөөрөмжийг судлах төсөл (Antikythera Mechanism Research Project) хүртэл бий болсон ба бүрэн нууц нь өдийг хүртэл тайлагдаагүй байна.
Энэхүү механизм нь М.Э.Ө 2-р зууны сүүл үеэр хийгдсэн гэж үздэг бөгөөд түүнээс хойш илэрсэн механизм, төхөөрөмжүүд дундаас үүн шиг учрыг нь олоход хэцүү төвөгтэй нь байхгүй гэнэ. Гэхдээ Антикитера Механизм нь ерөнхийдөө астрономын байрлалуудыг тооцоолоход ашиглагддаг нь тодорхой болсон. Энэ нь нэгдмэл байдлаараа механик компьютер шиг ажилладаг ба нарны аймгийн мөчлөгийг тодорхойлдог байсан байж магадгүй юм. Тиймээс одоогийн байдлаар мэдэгдэж байгаа хамгийн анхны компьютер гэж хэлж болохуйц ажээ.
Эрдэмтэд энэ механизмыг судлан зарим нэг шинэ нээлтүүдийг хийсэн байна. Гэхдээ маш олон хэсгүүд нь нууц хэвээрээ үлджээ. Саяхан гэвэл механизмын арын хэсгүүдээс нэг эртний Грекийн дөрвөн жилд нэг болдог Олимпод зориулагдсан болохыг тогтоожээ. Мөн судалгааны баг механизмын 19 жилийн календарын бүх сарын учрыг олсон байна. Ямартай ч Антикитера механизм нь 20-р зууны хамгийн агуу археологийн олдворуудын нэг бөгөөд хэрвээ нууц нь бүрэн илэрвэл хүн төрөлхтний шинжлэх ухааны түүхийг хааш нь ч эргүүлж болох билээ.
1 сэтгэгдэл:
Сонирхолтой юм. Бид төсөөлөх ч үгүй тийм олон нууцыг түүх өөрөө агуулдаг.
Post a Comment