Багдадын баттерей (Тайлагдаагүй оньсогуудаас #4)
>> Wednesday, July 7, 2010
1936 онд Багдад хотын ойролцоо 2000 жилийн настай нэгэн тосгоны туурийг ухаж байх үед нэгэн сонирхолтой ваар олджээ. Энэ нь 6 инчийн өндөртэй шавар ваар бөгөөд дотроо ороохдоо гагнаж тогтоосон зэс ялтсан цилиндртэй. Цилиндрийн доод хэсэг нь мөн зэс ялтсаар таглагдсан бөгөөд асфальтаар бүрхэгдсэн байжээ. Мөн цилиндр дотор төв хэсэгт нь төмөр саваа байх ба дээд талаас нь асфальтаар тогтоож өгчээ. Олдворыг олох үед доторх төмөр саваа нь ихээхэн зэвэрсэн байсан байна.
1940 онд археологич Wilhelm König өөрийн судалгааны ажилдаа энэхүү ваарыг баттерей байсан байж магадгүй хэмээн мөнгийг алтаар бүрэх зэрэгт ашиглагддаг байж болох тухай дурджээ. Энэхүү таамаглал хэрвээ үнэн бол 19-р зуунд Алессандро Вольтийн нээсэн электрохимийн баттерейн нээлт 2000 жилээр урагшилах нь ээ.
Мөн тэр жилдээ инженер Виллярд Грэй энэхүү баттерейг дуурайлган хийгээд зэсийн сульфат ашиглан хагас вольтын цахилгаан гаргаж авсан байна. 1970 онд Арне Эггэбрэхт гэгч Египет судлаач мөн дуурайлгаж хийгээд туршилт хийжээ. Тэрбээр эрт дээр үед юу ашиглаж таарах вэ гэдгийг мөн бодолцсон ба усан үзмийн шүүсээр баттерейгаа дүүргэжээ. Ингэснээрээ 0.87 Вольтийн хүчдэл гаргаж авч чадсан ба түүнчлэн үүнийгээ ашиглаад мөнгийг алтаар бүрээд ч дөнгөсөн байна.
Хэдийгээр иймэрхүү баталгаанууд хангалттай байгаа боловч зарим нэг археологичид илүү нухацтай байр суурьтай байгаа юм байна. Учир нь туршилтын үр дүн магадгүй зөвхөн физик байдлаар боломжтой гэдгийг харуулж байна. Харин тэр үед яг энэ зорилгоороо ашигладаг байсан уу, үгүй юу гэдэг нь илүү чухал гээд цаашид сайтар судлах хэрэгтэй гэжээ. Ямартай ч Багдадын баттерей гэж нэрлэгдээд байгаа энэ олдвор маань халуухан маргааны дунд нууцлагдмал оньсого хэвээрээ үлджээ.
0 сэтгэгдэл:
Post a Comment